image
clock
2026-11-18
БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫН ТАНХИМЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА КУОН ЁН ШИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун БНСУ-ын Засгийн газрын Сайд нарын танхимын Хэрэг эрхлэх газрын дарга Куон Ён Шиг тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч (2026.11.18) уулзлаа.

Уулзалтын эхэнд Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын санхүүжилтээр Чингис хаан Үндэсний музейд “Музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл” энэ жилээс амжилттай хэрэгжиж эхэлж байгааг дурьдаад, Монгол Улсад богино хугацаанд ирэхдээ манай музейг зорин ирж хамтын ажиллагааны талаар ярилцаж буйд талархлаа илэрхийллээ.

Чингис хаан Үндэсний музейг соёлын салбарт бүтээсэн том бүтээн байгуулалт гэж ойлгодог.Манай улсын Засгийн газраас соёлын салбарт хамтран ажиллах сонирхол өндөр байна. Ялангуяа Монгол Улс агуу түүхтэй улс учраас соёлын өвийн хадгалалт, хамгаалалт аюулгүй байдлын асуудалд хамтарч ажиллах өргөн боломж байгаа гэдгийг Хэрэг эрхлэх газрын дарга Куон Ён Шиг уулзалтын үеэр хэллээ.

Уулзалтын төгсгөлд С.Чулуун захирал манай музейд хэрэгжиж байгаа төслийн үр дүн гарсны дараа тусламж хүсдэг бус, тодорхой зорилтот томоохон ажил дээр хамтарч ажилладаг болох саналаа хэлээд, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол-Солонгосын Археологийн хамтын ажиллагаа үр дүнд хүртэл ажилласан хэмээв.

Төлөөлөгчид Чингис хаан Үндэсний музейн танхимуудаар зочилж, танилцуулга тайлбарыг музейн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны төвийн эрхлэгч Т.Энхтунгалаг хийлээ.