image
clock
2026-10-22
ЧИНГИС ХААН СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БЕРЛИНД БОЛЛОО

ХБНГУ-ын Берлин хотын Хумболтын Их сургууль дээр Чингис хаан Үндэсний музейгээс “Монголын ба Монголын дараах үеийн евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин” сэдэвт Чингис хаан судлалын Олон Улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хурлыг (2026.10.21) амжилттай зохион байгууллаа.

Чингис Хаан Судлалын Олон Улсын Холбоо бол олон улсын Монголын эзэнт гүрэн хийгээд Чингис Хаан судлалын эрдэмтэд, монгол судлалын нийгэмлэг, төвүүдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн төрийн бус, олон улсын эрдэм шинжилгээний байгууллага юм.

XIII зуунаас хойших Монголын болон Монголын дараах үеийн Евроазийн соёлын олон талт, нарийн төвөгтэй байдлыг судлах, ялангуяа соёл ба байгаль орчны олон янзын орчинд ухагдахуун болон мэдлэгийн хэлбэрүүд хэрхэн түгэн дэлгэрч, эргэлтэд орж байсныг хурлаар хэлэлцүүллээ.

Хурлыг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монголын эзэнт гүрний үеэс улбаатай Евразийн соёл хоорондын харилцаа, мэдлэгийн солилцоо, соёлын олон талт нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна”хэмээв. Мөн хуралд Берлиний Хумболтын нэрэмжит их сургуулийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд ректор Беате Лүтке оролцож оролцогсдод амжилт хүслээ.

Хурлын үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Чингис хаан судлалын олон улсын холбооны үйл ажиллагааг танилцуулга хийх үеэрээ Монголын эзэнт гүрний судлалын үе үеийн эрдэмтэн судлаачдийн нөр их хөдөлмөр бүтээлийн үр дүнд, Чингис хаан болон түүний залгамжлагчид эзлэн түрэмгийлэгчид бус, харин соёл иргэншлийг байгуулагчид, соён гэгээрлийг түгээгчид, амар амгаланг тогтоогчид, хөгжил дэвшлийг түүчээлэгчид байсан гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна. Тус холбоо нь байгуулагдаад удаагүй ч Их хурлаа 2023 онд, Олон улсын эрдэм шинжилгээний хурлаа 2024 онд хийж Чингис Хаан Үндэсний музейтэй хамтран Чингис Хааны түүх намтар, хувь хүний гарамгай чадвар, ур ухаан хийгээд монголчуудын төрт ёсны түүхэнд оруулсан түүний ач гавьяа, Монголын эзэнт гүрний түүхийн олон талт судалгаа: байлдан дагуулал, нүүдлийн болон суурьшмал нийгмийг хослон эрхшээсэн монголчуудын өөрийн болон бусдын соёл, урлаг, шашин шүтлэгт хандах хандлага, мэдлэгийн олон талт асуудлыг бүхэлд нь олон улсын хэмжээнд судалж буй дотоод, гадаадын эрдэмтэдтэй хамтран ажиллаж ирсэн гэдгийг хэллээ.

Мөн Бонны Рейн Фридрих Вильгельмийн их сургуулийн багш Ян Бенманн "Хархорум: Эзэнт гүрний нийслэл хотыг хоосон тал газар дээр буй болгосон” үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, Герман, Итали, Унгар, Их Британи, Польш, Австри, Монгол Улс буюу нийт 7 улсын 15 эрдэмтэн эрдэмтэн судлаачид 14 илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Илтгэлүүдэд Хархорум, Хар балгасын археологийн олдвор дахь соёл хоорондын харилцаа, Ил хаант улсын урлагийн өв, Чингис хааны сургаал, гэрэгэ пайз ба уран бичлэг, Монголын эзэнт гүрний морины тоноглол, Их Монгол Улсын аравтын тогтолцоо, Марко Пологийн аян замын тэмдэглэл, 1241 оны Унгарын их тал дахь монголчуудын ул мөрийн шинэ археологийн баримт зэрэг өргөн сэдвийг хамарч, хэлэлцүүлэг идэвхтэй өрнөсөн юм.

Тус хурал нь Монголын эзэнт гүрний үеийн соёлын солилцоо, байгаль орчны асуудлыг олон салбарын судалгааны үүднээс шинэ өнцгөөс авч үзэж, Монгол Улс болон Европын тэргүүлэх их сургууль, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Чингис хаан судлалыг олон улсын хэмжээнд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.