image
clock
2026-08-10
АКАДЕМИЧ С.ЧУЛУУН: XVII ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХИЙН ОНЦЛОГИЙГ ТУСГАЙЛАН СУДЛАХ НЬ ЧУХАЛ

Олон Улсын Монгол Судлалын 13 дугаар Их хурал энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй бөгөөд, Төрийн ордонд өнөөдөр нээлтээ хийж салбар хуралдаанууд Чингис хаан Үндэсний музейн Их танхим, Эрдэм шинжилгээний номын санд үргэлжилж байна. 

Анх 1959 онд Улаанбаатар хотноо болсон Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар хуралд 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцож байсан бол энэ удаагийн “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт Монголч эрдэмтдийн хуралд 30 орны 570 гаруй монголч эрдэмтэн, судлаачид оролцож байна. 

Олон Улсын Монгол судлалын холбооны тэргүүнээр долоон жил ажилласан, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун ”ОХУ-ын архиваас шинээр олдсон XVII зууны худалдаанд холбогдох захидал бичгүүд” сэдвээр Монголын түүх судлалын салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүллээ. 

Илтгэлдээ, Монголын XVII зууны түүхийн асуудал өнөөг хүртэл нарийн судлагдаагүй, судалгаа хамрах хүрээ агуулгын хувьд Орос улс, Манж чин улстай зайлшгүй харилцах түүхэн нөхцөл цаг үеийг хамардаг. Монголын түүхийн олон асуудал энэ л үед өрнөж, хожмын үр дүнгийн эх суурь тавигдсан. Судалгааны эх баримтаа ОХУ-ын Эртний улсын түүхийн архив, Гадаад хэргийн архив, Түүхийн архив, Дорно Дахины гар бичмэлийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа архивуудаас шүүрдсэн нийт 11 захидалд тайлбар сэлт хийгээд ирэх онд хэвлүүлнэ. Тэрбээр дээрхи байгууллагуудаас илрүүлсэн Монгол бичгийн дурсгал нь XVII зууны Монголын түүх ялангуяа Орос-Ойрад, Халх-Ойрад, Ойрад-төв Ази, Манжийн харилцааг тодруулах чухал дурсгал. Цаашид уг бичгүүдэд дурдагдаж буй тухайн үед хэрэглэж байсан эд, өлгийн зүйлсийг угсаатны судлаачид нэр томьёог нь түүхэн хэл шинжээчид олон талт харилцааг судлахын тулд Польш-Москвагийн архивын материалтай зайлшгүй харьцуулж судлах шаардлагатай “-г тэмдэглэв. 

Тэрбээр ШУА-ийн Түүхийн хүрээлэнд бүртгэлгүй байсан 100 мянган хуудас материалыг бүртгэлжүүлж, Английн Британий музейтэй хамтран дижитал болгож олон нийтэд хүргэсэн гэдгийг хэллээ. 

Монголч эрдэмтдийн 13 дугаар Их хурлыг Олон Улсын Монгол Судлалын Холбоо, ЕТГ, ЭЗХЯ, ГХЯ,ССАЖЗЯ, Боловсролын яам, Архивын ерөнхий газар, ШУА, Чингис хаан Үндэсний музей, МУИС, МУБИС, СУИС хамтран зохион байгуулж байгаа бөгөөд, энэ сарын 13-ны өдрүүдэд болно.