image
clock
2026-08-10
СОЁЛЫН ӨВИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТ ГАРДАН АВЛАА

Төрийн болон орон нутгийн өмчийн музейн ажилтнууд, соёлын өвийн мэргэжилтнүүдэд зориулсан “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх сургалт”-ыг Чингис хаан Үндэсний музейгээс Монгол Улсын ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн Үндэсний их сургуультай хамтран дөрөв дэх жилдээ (2026.08.03.07) амжилттай зохион байгууллаа.

Соёлын өвийн эд зүйлсийн хадгалалт хамгаалалтын орчин цагийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй нийцүүлэн олон улсын жишигт даган хэрэгжүүлэх, сан хөмрөгч үзмэртэй харьцаж ажилладаг нарийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор энэхүү ахисан түвшний сургалтыг танхим, практик хосолж явууллаа. 

Сургалтаар хадгалалт хамгаалалтын шинжлэх ухаан арга технологи, соёлын өвийг хадгалах зохистой орчин, биологийн орчны задралын онцлог, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соёлын өвийг дижитал технологиор хэрхэн тайлбарлах, сэргээн засварлах аргад суралцсанаас гадна, соёлын өвийн хадгалалтын орчны дүн шинжилгээ хийж соёлын биет өвийн насыг уртасгах аргад суралцжээ. 

БНСУ-ын Гунжү Үндэсний Их сургуулийн Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухааны тэнхимийн профессор Жу Нам Чол дүгнэж "Энэхүү сургалт нь музейн сан хөмрөгч болон музейн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжлийн түвшний зорилтот сургалт.Сургалтаар дамжуулан сан хөмрөг, үзэсгэлэнгийн үзмэрт хэрхэн хадгалалт хамгаалалт сэргээн засварлалтын шинжлэх ухаантай холбогдож байгаа талаарх агуулгыг багтаасан дүрслэх урлагийн бүтээлийг арчлан хамгаалах, хадгалалт хамгаалалтын хүрээ хэрхэн тэлж байгааг харуулж байгаа юм. Сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим, дүрслэх урлагийн бүтээл зэрэг нь хадгалалт хамгаалалтын талаар монгол мэргэжилтнүүд бие даан ашиглахад хэрэгцээт мэдлэгийг авсан сургалт боллоо" хэмээн хэллээ.

Сургалт эхлэхээс өмнө зарыг Чингис хаан Үндэсний музейн сошиал сувгаар нээлттэй явуулж Монгол Улсад соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 байгууллагын 108 хүн хамрагдаж, өнөөдөр олон улсын сертификатаа гардан авлаа. 

Сургалтыг БНСУ-ын Үндэсний музейн мэргэжилтнүүд, Тэжоны ШУТИС-ийн багш профессорууд хөтлөн явуулж, туршлага хуримтлуулсан үр дүнтэй сургалт болж өндөрлөв.