
Монгол дархны урлаг нь эртний Монголчуудын төмөрлөг олборлож, ахуй амьдралдаа хэрэглэж эхэлснээс хойш өнөөг хүртэл тасралтгүй хөгжиж ирсэн, өөрийн онцлог, ялгаатай хэв шинж бүхий бие даасан урлагийн төрөл юм.
Монгол дархны өдрийг жил бүрийн 07 дугаар сарын 08-ны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын тогтоол 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гарсан.
Чингис хаан Үндэсний музейд “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэн өнөөдөр дэлгэгдэж, нээлт хийх үеэр ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан дээрх тогтоолыг Дархчуудын холбооны тэргүүн С.Батзоригт гардуулан (2026.07.08) өглөө.
Энэ үеэр Дархчуудын урласан бүтээл зөвхөн хэрэглээний эд зүйл бус, Монголчуудын түүх, өв соёл, гоо зүй үндэсний дархлааг илэрхийлсэн үнэт өв юм хэмээн ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан онцлов.
Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг хэлэлцэн баталсан.
Үүнтэй уялдуулан “Дэлхийн адууны өдөр”-ийг хоёр дахь жилдээ, “Монгол дархны өдөр”-ийг анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нүүдэлчин Монголчуудын оршихуйн үндэс болсон адуу, түүнийг дагасан соёлын баялаг уламжлал, уран дархчуудын ур, мэлмий, гарын ураар бүтсэн адуун соёлын тоног хэрэгслийг цогцоор нь сурталчлан таниулах уг үзэсгэлэнг ЕТГ, ССАЖЗЯ, “Түмэн эрдэнэс” Нэгдсэн холбоо, Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгууллаа.
Чингис хаан Үндэсний музейд дэлгэгдсэн тусгай үзэсгэлэнд нийт 101 дархчууд, уран бүтээлчид 204 шилмэл, сор бүтээлээр оролцож бөгөөд 2026 оны 07 дугаар сарын 06-нөөс 09-ний өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Монгол дархны урлагийг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2016 онд гарч, улмаар дархчуудын үзэсгэлэнг гурван жил тутам уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.