image
clock
2026-07-06
ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР “МОНГОЛЫН НҮҮДЭЛЧИД БА АДУУ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛААР ЭХЭЛЛЭЭ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталсан билээ.

Энэхүү тогтоолын дагуу Дэлхийн Адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 03 сарын 25-ны өдрийн тогтоол батлагдсан.

Дэлхийн адууны өдөрт зориулан “Монголын нүүдэлчид ба адуу” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музейд (2026.07.06) зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй дэлхийн адууны өдрийн олон үйл ажиллагааг тус эрдэм шинжилгээний хурлаар эхлүүлж байгаа юм.

Хурлыг зохион байгуулагч Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун хэлэхдээ Монгол Улсын санаачилгаар шийдсэн “НҮБ-ийн дэлхийн адууны баярын арга хэмжээг судалгаанд суурилж хэлэлцсэн олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлүүлж байгаа нь бидний хувьд уг баяр ямар түүхэн үндэслэлтэйг илэрхийлэх алхам болж байна” хэмээн тодотгов.

Хурлыг нээж ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан хэлэхдээ, Монгол нутаг нь эртнээс нүүдлийн соёл иргэншлийн томоохон голомт байсаар ирсэн бөгөөд адууны соёлын хамгийн эртний ул мөрийг өөртөө агуулсан түүхэн үнэ цэн бүхий газар юм. Үүний нотолгоо нь эртний хадны зураг, хөшөө дурсгалд адууны дүрс зургийг урлагийн түвшинд бүтээн үлдээсэн бадаг бол эртний булш тахилын байгууламжид адууны эд эрхтнийг идээний дээдэд тооцон ихэд дээдэстээ өргөл болгон өргөдөг байжээ. Энэхүү олон улсын хурал нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа хэдий ч, цаашид цар хүрээгээ өргөжүүлж уламжлан болгон зохион байгуулах нь зүйтэй” гэв. Тус хуралд Монгол, Англи, ОХУ, Бүгд Найрамдах Казахстан Улс, Япон зэрэг улсуудын 30-иод судлаачид Монгол болоод бүс нутгийн нүүдлийн соёл иргэншлийн түүхэн дэх адууны соёлын түүхэн уламжлал, уламжлалт эдлэл хэрэглэл, худалдаа, эдийн засгийн харилцаан дахь адууны үүрэг, адууны генетикийн судалгаа зэрэг олон талын судалгааны үр дүнгүүдээ танилцуулсан юм. Мөн хурлыг зөвхөн Монголын хүрээнд бус бүс нутаг, олон улсын төвшинд судалсан судалгаанууд эзэлж байна.

Хурлыг ЕТГ, ССАЖЗЯ, Чингис хаан Үндэсний музей, Кембрижийн их сургуулийн Монгол судлалын төв, Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах комисс хамтран зохион байгуулж, нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн уншиж танилцуулж, дэлхийн адууны өдрийг дэлхий даяар тэмдэглэх, хамгаалах, түгээхэд Монгол улс ихээхэн анхаарч, тэр дундаа монгол болон дэлхийд нэртэй судлаачид оролцож байгаа нь шинжлэх ухааны чухал ач холбогдол цар хүрээ өндөр гэдгийг онцлов.

Тус хурал хоёр өдөр үргэлжилж, орон нутаг дахь өнөөгийн Монголчуудын адуугаа хэрхэн маллаж буй, холбоотой соёл хэрхэн үлдсэнийг тодруулахаар Төв аймгийн Баянцагаан сумын “ХХ зууны манлай хурд” морины музейтэй танилцана.