image
clock
2026-05-29
ОРОН НУТАГТ БИЧИГ, СОЁЛЫН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИН АЖИЛЛАВ

Чингис хаан Үндэсний музейн санаачилгаар “Хаадын зам” үйл ажиллагааны хүрээнд Төв аймгийн Дэлгэрхаан сумыг "Бичиг үсгийн сум" болгон хөгжүүлж үндэсний бичгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэх, орон нутагт бичиг соёлын боловсролыг дэмжих, иргэдийн соёлын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний бичиг, каллиграфийн сургалт”(2026.05.12-16)-ыг зохион байгууллаа.

Сургалтыг тус сумын нутагт орших түүх, соёлын үнэт өв Цогтын хадны дурсгалт бичээс, орон нутгийн түүх, соёлын өв, өмнө хэрэгжиж байсан соёлын үйл ажиллагаатай уялдуулан нутгийн иргэд, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад үндэсний бичгийн боловсрол олгох, монголчуудын бичиг үсгийн түүхэн уламжлал, үндэсний өв соёлын үнэ цэнийг таниулах зорилгоор хийлээ.

Сургалтыг каллиграфич зураач Г.Жааханхүү, каллиграфич, хэл шинжлэлийн ухааны магистрант Б.Оюунсайхан нар удирдан явуулж үндэсний бичгийн анхан шатны мэдлэг, үсгийн тиг, бийрийн бичлэг, каллиграфийн бүтээлч дадлагыг оролцогчдод өгч, тайлант хамтарсан үзэсгэлэн зохион байгуулж, оролцогчдын бүтээлийг олон нийтэд танилцуулсан байна.

Монгол үндэстний бичиг үсгийн өв уламжлал нь ард түмний түүх, соёл, оюуны үнэт өвийн салшгүй хэсэг байдаг учраас үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, хойч үед өвлүүлэн уламжлуулах хүүхэд залуусын бүтээлч оролцоог дэмжсэн арга хэмжээ болж өндөрлөв.

Ерөнхий зохион байгуулагчаар Чингис хаан Үндэсний музей, хамтран зохион байгуулагчаар“Хөх бичиг” бичиг соёлын академи, Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Төв аймгийн Дэлгэрхаан сумын ЗДТГ, ЕБС ажиллаллаа.