
Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Цэндийн Ган-Эрдэнэ "Мөнх тэнгэрт" бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд зориулан Чингис хаан Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээлтээ (2026.05.08) хийлээ.
Тэрээр уран бүтээлдээ тэнгэр газрын хооронд орших орон зай, байгаль, хүн төрөлхтний харилцан хамаарал, хийсвэр бодит оршихуйн заагийн гүн ухааны санааг илэрхийлдэг. 2009 оноос эхлэн уран бүтээлд нь “Тусгал” хэмээх ойлголт голлож хүний дотоод бодол, итгэл үнэмшил, хүсэл найдвар зэргийг бодит ертөнцтэй холбон илэрхийлж, хийсвэр мэт орших дотоод ертөнцийг “Дээд тэнгэр”-ийн үзэлтэй уялдуулан, хүний оршихуйн мөн чанарыг зогсолтгүй урсах цаг хугацаа, мөнх оршихуй, эртний монголчуудын тэнгэр шүтэх үзэлтэй холбон харуулдагаараа онцлогтой .
Цэндийн ГАН-ЭРДЭНЭ
- 2022 оноос Монгол Улсын Соёлын элчийн үүрэгт ажлыг хүлээн аван ажиллаж байна.
- 2001 онд Монгол Улсын СУИС-ийн харьяа Дүрслэх урлагийн дээд сургуулийг, 2010 онд ХБНГУ-ын Мюнстер хотын Дүрслэх урлагийн академийг тус тус төгссөн.
- Түүний бүтээлүүд Германы Museum Burg Vischering, Art Collection Henkell, VHV Holding Group, Итали дахь Art Collection Benetton зэрэг цуглуулгад хадгалагддаг.
- Бие даасан болон хамтарсан 200 гаруй үзэсгэлэнг ХБНГУ-ын нэр хүндтэй музей, галерей, Нью-Йоркийн UN Headquarters, KIAF Korea, SCOPE Basel International Art Fair зэрэг газруудад зохион байгуулж, Нидерланд, Дани, БНСУ, Косово, Монгол Улс зэрэг орнуудын нэр хүндтэй музей, галерейд үзэсгэлэнгүүдээрээ амжилттай оролцсон.
Уран бүтээлээрээ Германы олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан ба МУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Алтангадас одонт уран бүтээлч юм.