
Евроазийн бүс нутаг нь олон мянган жилийн түүх, соёл өвийг хадгалж, хамгаалан ирсэн дэлхийн соёлын харилцаа, солилцооны чухал бүс нутаг юм. Энэ бүс нутагт орших улс орнуудын музей, соёлын өвийн байгууллагууд нь хүн төрөлхтний соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, судлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор ССАЖЗЯ, Чингис хаан Үндэсний музей хамтран “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг ирэх зургаадугаар сарын 15-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Чуулганд Франц, Чех, Швейцар, Австри, ХБНГУ, Унгар, ОХУ, Польш, БНСУ, Япон, Тайвань, Азербайжан, Казахстан, Туркменистан, Узбекистан, Тажикистан, Киргиз, Лаос, Литва зэрэг 20 улс орны 40 гаруй музейн удирдлагууд оролцож, нэгэн дээвэр дор чуулна.
Чуулганыг Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулж байгаа нь бүс нутгийн музейн хамтын ажиллагааны шинэ боломж, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, мэдлэг туршлага, мэдээлэл солилцох, ирээдүйн чиглэлүүдийг тодорхойлоход чухал алхам болно.
Евроазийн орнуудын музейн хамтын ажиллагааг өргөжүүлэх, музейн менежмент, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, судалгаа, үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр, маркетинг, сурталчилгаа, аюулгүй байдлын чиглэлээр туршлага солилцох, бүс нутгийн хэмжээнд хамтарсан үйл ажиллагаа идэвхжүүлэх шинэ боломж нээгдэж буй.
Чуулганы үеэр олон улсын салбарын мэргэжилтнүүд музейн бодлого, удирдлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, дижитал музей ба инновац, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр Чингис хаан Үндэсний музейд илтгэл хэлэлцүүлж, хамтарсан судалгаа, үзэсгэлэнгийн боломжийг тодорхойлсон санал, чуулганы илтгэлийн хураангуй эмхэтгэл,цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичгүүд боловсруулагдана.
Олон Улсын Музейн Зөвлөл (ICOM) байгуулагдсаны 80 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд, Олон Улсын музейн өдөр (05.18)-ийг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэхүү сэдэв нь өнөөгийн олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг арилгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцолсон нь Чингис хаан Үндэсний музейгээс зохион байгуулж буй “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганы ач холбогдол, утга агуулгатай нийцэж буй юм.
Тус музейгээс тус чуулганы зохион байгуулалтад манлайлал үзүүлж байгаа нь олон улсын музейдтэй дараагийн шатанд хамтран ажиллах шинэ гарцыг нээж, цаашид Евроазийн музейдийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, харилцан туршлага солилцох орон зай бүрдүүлэхийн төлөө зорьж буйгаа илэрхийлж байна.