
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн" энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, ерөнхий боловсролын сургуулийн 630 гаруй багш нар оролцож байна.
Музейн боловсрол нь сурагчдын түүхийн боловсролд үзүүлэх нөлөө, ач холбогдол, тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэж, санал зөвлөмж боловсруулахаар салбар хуралдааныг Чингис хаан Үндэсний музейд “Түүхийн боловсрол ба музей” сэдвийн хүрээнд зохион байгуулж 150 гаруй багш, судлаачид оролцлоо.
Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун багш нарт зориулсан үндсэн илтэлдээ, Музей нь түүх, соёлын өв дурсгалыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах үндсэн үүргээ гүйцэтгэж ирсэн ч орчин үеийн боловсролын системтэй хөл нийлүүлэн алхах шаардлага тулгарч байна. Музей нь сурагчдад "Харах-Мэдрэх- Харьцуулах” замаар суралцах боломжийг олгодог. Олон улсын музейн боловсролын стандарт зөвхөн "үзэх" биш "мэдрэх"-д тулгуурладаг. Монгол хүний сэтгэлгээний онцлогт тохируулан, хүүхдүүдэд түүхэн олдворыг барьж үзэх, мэдрэх боломжийг олгох нь мэдлэгийг батжуулахад ач холбогдолтой. Музей бол хүүхэд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, шинжлэх ухаанч танин мэдэхүйг олж авах нээлттэй орчин байх ёстой. Түүхийн хичээл агуулга дамжуулах мэдээлэл биш, нийгмийг ойлгуулах хүнийг бий болгох үйл явцад яаж түүхийг ашиглах вэ гэдэгт музейн боловсролыг эрчимтэй хөгжүүлэхийг уриалав.
Музейн боловсролын салбарт тулгамдаж буй 3 гол асуудал:
- Нэг, Бодлогын уялдаа холбоо: ЕБС-ийн хөтөлбөр болон музейн үйл ажиллагааг уялдуулах нэгдсэн бодлого дутмаг;
- Хоёр. Арга зүй ба систем: Хүүхэд, залууст мэдээллийг хүртээмжтэй хүргэх сургалтын хөтөлбөрийн системчлэл музейдэд хангалтгүй;
- Гурав. Санхүүжилт: Шинэчлэл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр дутмаг;
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох БНСУ, Япон, ОХУ, Европ музейн салбартаа өндөр технологийг нэвтрүүлсэн. Монгол Улс ч мөн адил VR, QR, AR интеракив технологийг ашиглан үзэгчдэд илүү бодит мэдрэмж төрүүлэхээр ажиллаж байна.Тухайлбал, Чингис хаан Үндэсний музейд хүүхэд вирутал өрөөнд Хубилайн шуурга контент үзсэний дараа танхимд орж тухайн үеийн хөлөг онгоцны үлдэгдэл, эд өлгийн зүйлийг харах нь түүхийг ойлгох түвшнийг хэд дахин нэмэгдүүлдэг.
Цаашид музейн ажилтнууд, багш нарын хамтын ажиллагааг идэвхжүүлж, технологид суурилсан интерактив орчныг бүрдүүлснээр Монголын музейн салбар шинэ шатанд гарах боломжтой гэдэгт оролцогчид нэгдлээ.