image
clock
2026-04-07
ДИЖИТАЛ ШИНЭЧЛЭЛИЙГ МАНЛАЙЛАГЧ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ БОЛНО

Чингис хаан Үндэсний музейд 2026-2028 оны хооронд хэрэгжих 6 сая ам.долларын санхүүжилттэй Чингис хаан Үндэсний музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл албан ёсоор нээлтээ (2026.04.07) хийлээ.

Төслийн хүрээнд музейн болон салбарын боловсон хүчнийг чадавхжуулж, музейн үзмэр олдворыг хамгаалах, сэргээх, бүртгэх, үзэсгэлэн төлөвлөх, хэрэгжүүлэх, боловсрол, маркетинг, дижитал хөгжүүлэлтийн чиглэлээр БНСУ-д музейн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулна.

Төслийг нээж, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун хэлсэн үгэндээ ССАЖЗЯ, БНСУ-ын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/, Чингис хаан Үндэсний музей хамтран хэрэгжүүлж буй музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл нь Монгол Улсад 1990 оноос хойш хүмүүнлэг, соёлын салбарт хийгдэж байгаа хамгийн том төсөл. Манайх шиг байгуулагдаад удаагүй байгаа музейг олон улсын төдийгүй бүс нутгийн түвшинд гаргахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ.Төсөл хэрэгжих 3 жилийн хугацаанд 3 том үр дүн гарна гэж үзэж байна. Үүнд: нэгдүгээрт, боловсон хүчнийг чадавхжуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ, хоёрдугаарт олон нийтэд соёлын өвийг зөв танин мэдүүлэхэд орчин үеийн дижитал технологийг ашигласан контент бэлдэнэ,гуравдугаарт төслийг цааш үргэлжлүүлэх нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх юм. Төслийн хүрээнд ганц Чингис хаан Үндэсний музей бус соёлын өвийг хадгалж хамгаалж байгаа бусад музейд, соёлын өвийн үндэсний төв, судалгааны хүрээлэнгүүдийн хүний нөөц ч давхар чадавхжин” гэдгийг тодотгов.

Мөн KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан хэлэхдээ, Бидний төслийн гол зорилго нь Чингис хаан Үндэсний музейн гурваас есөн давхар хүртэлх танхимуудын үзмэрүүдээс сонгож дижитал контентыг хөгжүүлээд музейн мэргэжлийн ажилтнуудын нь чадавхыг нь бэхжүүлнэ. Мөн музейн сан хөмрөг, хадгалалт сэргээн засварлалттай холбоотой ажилчдад зориулсан үйл ажиллагааны гарын авлага, маркетинг болон сургалтын хөтөлбөрийг нь боловсруулж өгнө. Аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна дэлхийн түвшинд алхах үүд хаалгыг нээж өгч байгаа төсөл гэж үзэж болно гэв.

Төслөөс гарах үр дүн:

Сургалт, судалгааны үр дүнгээр музейн үйл ажиллагааны үндсэн чиглэл бүрээр гарын авлага гаргаж салбарын хэмжээнд ашиглуулна.

Музейд дижитал тоноглолтой, орчин үеийн хүүхдийн музей байгуулна.

Музейн 3-9 дүгээр давхрын онцлох үзмэртэй хэсгүүдэд дижитал дэглэлтийг контент, тоног төхөөрөмжийн хамт нэмэлтээр дэглэнэ.

Мөнгөн модны танхимд нэмэлтээр Хархорин хот Мөнгөн модны контент, цахим нээлттэй сан хөмрөгийн системтэй суурилуулж дижиталжуулна.

Үзмэрийн хадгалалт хамгаалалт, баримтжуулалт, үзүүллэг дэглэлтэд шаардлагатай автомат шүүгээ, 3D скайн, шилэн хорго тэргүүтэй тоног төхөөрөмж нийлүүлэгдэх юм.

Төслийн нээлтэд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, БНСУ-ын Зөвлөн гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.

Дашрамд мэдээлэхэд, Соёлын өвийг хүүхдэд хамгийн хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар орчин үеийн технологиор хүргэхээр Чингис хаан Үндэсний музейгээс хүүхдэд зориулсан дижитал музей байгуулахаар ажиллаж байна.