image
clock
2026-03-27
ЧИНГИС ХААН ҮЗЭСГЭЛЭНГ ШИНЭ ЗЕЛАНДАД ГАРГАХААР ЯРИЛЦAB

Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Ноён Кристофер Свасбрүк (Оакланд хотын Зөвлөлийн Ирээдүй сангийн тэргүүн, Шинэ Зеландын Үндэсний музей болох Te Papa Tongarewa-ийн ТУЗ-ийн дарга, Шинэ Зеландын Санхүүгийн зах зээлийн газрын захирал, Оакланд хотын Уран зургийн галерейн Зөвлөлийн тэргүүн, Хелэн Кларк сангийн тэргүүн) болон Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суугаа Өргөмжит консул Мэттью Хүүтон нарыг хүлээн авч (2026.03.27) уулзлаа. 

Уулзалтын үеэр музейн танилцуулгыг хийж, хамтын ажиллагааны талаар ярилцаж, тус улсад Чингис хаан үзэсгэлэн гаргах хүсэлтэй байгаагаа захирал С.Чулуун хэллээ.

Зочид Чингис хаан Үндэсний музейн гадаад үзэсгэлэнг ихэд сонирхож, харилцан үзэсгэлэн солилцоог дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Албан уулзалтын дараа төлөөлөгчид музейн танхимуудаар зочлон, Чингис хааны Алтан шүтээнийг үзэж сонирхов.

Дашрамд сонирхуулахад, Шинэ Зеландын Үндэсний музей нь нийслэл Веллингтон хотод байрладаг бөгөөд, урлаг, соёл, байгалийн түүх, Шинэ Зеландын түүх, Маори үндэстний болон Номхон далайн соёлуудыг хамарсан 2 сая гаруй үзмэрийн сан хөмрөгтэй, 500-600 гаруй албан хаагчидтай аж.