
Чингис хаан Үндэсний музейг үүсгэн байгуулах үеэс эхлэн дэлхий дахинаас Монголын эзэнт гүрэнд холбогдох дурсгалуудыг хуулбарлах, хувилж авах, зөвшөөрөл авах олон ажлуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн.
Энэ үеэс эхлэн Япон Улсын өргөмжит консул, Монголчуудын дотны нөхөр Каваүчи Широ нь Япон улсын Тэнри их сургуулийн Санкокан музейд хадгалагдаж буй Чингис хааны “Алтан гэрэгэ”-ний “А” хуулбарыг хувилж авах, зөвшөөрлийг олгох ажилд онцгой үүрэг гүйцэтгэн, Чингис хааны амьд ахуй цаг үеийн дурсгалыг Монголчуудад бодитоор харах боломжийг бүрдүүлж өгсөн.
Тэрбээр Монголчууд хуурай эх газар дээр хүн төрөлхтний захирсан Их эзэнт гүрнийг байгуулсан ч далай тэнгист ч хүчирхэг байсныг гэрчлэх XX зууныг хүртэлх хамгийн том Хубилай хааны усан цэргийн флотод холбогдох дурсгалууд Японы Эзэн хааны Эрдэнэсийн санд бүртгэлтэй Хубилайн довтолгооны үеийн дайны зургийг хуулбарлаж өгснөөр Монголчууд эх хувьтай нь харьцуулан үзэх боломжтой болсон.Үүнийг дахин хувилахыг хориглосон учир нь Япон Улсын хосгүй үнэт үзмэрийн жагсаалтад орсон аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан Монголын Юань Улсын үеийнх байх магадлалтай сэлэм, Их Юань Улсын эзэн хаан Хубилайн Японы эзэн хаанд бичсэн захидлын хуулбар зэргийг Чингис хаан Үндэсний музейд төлбөрийн нөхцөлгүйгээр хуулбарлаж өгсөн.
Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун хүндэтгэн хүлээн авч уулзан, музейн танхимуудаар зочлуулан тайлбар хийж “Талархлын бичиг”-ийг дурсгал болгон (2026.03.05) өглөө.
Энэ үеэр С.Чулуун захирал хэлэхдээ, "Каваүчи Широ нь Монголын түүхэнд зүрх сэтгэлээрээ тусалж, Монголын ард түмэн төдийгүй Монголын түүхийг үзэхээр ирсэн гадаадын үзэгчдэд Монголын түүхийн гайхамшгийг мэдрүүлэх ажлыг хийсэн гавьяатан төдийгүй Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгт үнэт хувь нэмрээ оруулсныг тодотгов.
Төгсгөлд нь Чингис хаан Хүндэтгэлийн өргөө, Алтан шүтээн хөшөөнд хүндэтгэл үзүүлж гайхалтай бүтээл болсныг онцлоод миний хувьд хүндэтгэл дүүрэн Талархлын бичиг авна гэж төсөөлөөгүй үнэхээр сэтгэл хөдөлж байна. Цаашид Монголын түүхтэй холбоотой дурсгалыг судалж өөрийн зүгээс шалтгаалах бүхнийг хийх болно” гэдгийг Каваүчи Широ хэллээ.