image
clock
2026-03-01
ЕВРОПИЙН ДОРНО ДАХИНЫ УУГАН СУРГУУЛЬД АКАДЕМИЧ С.ЧУЛУУН ЛЕКЦ УНШИВ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музейгээс хамтран Европ, Азийн томоохон улсуудын нэр хүнд бүхий музейдэд хэд хэдэн цуврал үзэсгэлэнг гаргаад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр үзэглэсэн ажлууд бодит ажил хэрэг болж, Чингис хаан Үндэсний музей нь Итали улсын Ром хотын Боргезе галлерейд Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийг анх удаа дэлхийн урлагийн сонгодогуудтай зэрэгцүүлэн дэлгэж сар гаруйн хугацаанд 40 гаруй мянган хүн тус үзэсгэлэнг үзэж сонирхсон байна.

Тэгвэл хоёрдугаар сарын 26-нд Италийн эртний нийслэл Турин хотноо Занабазар: “Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнг дахин нээж, европийн үзэгчдэд хүргэж байна.

Энэ үеэр Дорно дахины судлалаар дэлхийд тэргүүлэх сургуулиудын нэг Наполи Дорно Дахины Их сургууль (Università degli Studi di Napoli “L’Orientale)-ийн урилгаар Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун "Занабазар: Тайгад нуугдсан бурхад" лекцийг танилцуулахын зэрэгцээ, тус сургуулийн Дорно Дахины Ард Түмний музейтэй хамтран үзэсгэлэн гаргах, судлаач солилцох ажлыг хэрэгжүүлэхээр ярилцаж тохиролцов.

Академич С.Чулуун нь Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон Сарьдаг хийдийн малтлага судалгааг долоон жил удирдан томоохон нээлтийг хийж, Өндөр гэгээний уран бүтээл алдарт бурхадуудаа урласан газар болохыг нотолсон.

Наполи Их сургуулийн Дорно Дахины Судлал 1732 онд байгуулагдсан Европ тивийн дорно дахины судлалын ууган сургууль юм. Тус сургуулийн Төв Ази, Хятад, Түвэд, Араб хэл судлалын дотор монгол хэлийг тусгайлан хөтөлбөрт оруулж заадаг бөгөөд эзэнт гүрэн, Перс, Иль хантын тухай профессор Михайл Бернердани, монгол хэл, утга зохиолыг профессор Баярмаа Хаптагаева нарын нэр хүндтэй эрдэмтэд зааж буй аж.