
Итали улсын Турин хот дахь Дорно дахины урлагийн музейд (МАО) Өндөр Гэгээн Занабазарын “ЗАНАБАЗАР: Тал нутгийн мэлмий” тусгай үзэсгэлэн нээлтээ (2026.02.26) хийлээ.
Уг үзэсгэлэн сар гаруйн өмнө Ром хотын Боргезе галерейд гарсан билээ. Тухайн музейн онцлогоос шалтгаалан үзэл санаа нь өөр өөр байдлаар тусгагдсан. Жишээ нь Боргезе галерейд Барокко урлагийн нэрт төлөөлөгч уран барималч Жиан Лоренцо Бернинигийн бүтээлүүд бүхий Мариано Росси танхимд Занабазарын Ногоон Дарь-Эх, Өндөр Гэгээн Занабазарын хөрөг хэмээх хоёр бүтээлийг дэлгэн үзүүлсэн. Энэ нь нэгэн ижил цаг үед Дорно болоод Өрнөдөд урлагийн сор бүтээлүүдийг туурвин байсан агуу уран бүтээлчдийг өнөө цагт сор болсон бүтээлүүдээр нь нэгэн орон зайд уулзуулсан үйл явдал болсон. Мөн уран бүтээлүүдийн хоорондох ялгаатай болоод төстэй талуудыг олж судлах, арга барил, ур хийц мөн сэтгэлгээний онцлогийг харуулан бүтээлүүд болоод үзэгчдийн хооронд харилцан яриаг өрнүүлэх өвөрмөц орон зайг бүрдүүлсэн.
Энэ удаагийн хоёр бүтээл нь Өмнөд, Төв Ази болон Гималайн бүс нутгийн урлагийг танилцуулсан танхимд дэлгэгдсэн.Уг музейн цуглуулгад багтсан бусад бүтээлүүдтэй, ялангуяа Төвөдийн Дэнсатил хийдтэй холбоотой, Занабазарын уран бүтээлийн загвар хийц, дүр дүрслэлийг тодорхойлоход ихээхэн нөлөө үзүүлсэн эртний урлагийн дурсгалуудтай зэрэгцэн дэглэгдсэнээрээ онцлогтой.
Үзэсгэлэнгийн нээлтэд тус хотын музейн сангийн ерөнхийлөгч ноён Массимо Броччио, МАО музейн захирал Давиде Куадрио, Чингис хаан Үндэсний музейн захирал, С.Чулуун нар оролцож үг хэллээ.
Академич С.Чулуун нээж хэлсэн үгэндээ “Дорнын уудам тал нутагт мэндэлсэн Занабазарын бүтээл тэнгэрийн уул Альпийн энгэрт зочилж байна. Занабазар нь Монголын тал нутагт бүтээлээ туурвиж шашны дэг ёсыг өөрчлөж, олон гайхамшигт сүм хийдийг байгуулж явсан Чингис хааны угсааны язгууртан. Түүний зохиосон Соёмбо үсэг өнөөдөр хүртэл Монгол улсын төрийн билэгдэл хэвээр байна. Энэхүү бэлэгдэлийг зохиосны 340 жилийн ой 2026 онд тохиож буй. Зөвхөн өөрөө уран бүтээл туурвиад зогсохгүй бүхэл бүтэн Занабазар дэг сургуулийг бий болгож бүтээлдээ нүүдэлчдийн ахуй амьдрал, тал нутгийн онцлог, байгаль эх дэлхий хүмүүний харилцааг бүтээлдээ тусгасан юм. Занабазарын бүтээлүүдийг хаанаас нь ч харсан нүүдэлчдийн ертөнц харагдана. Тиймээс бид үзэсгэлэнгээ Тал нутгийн мэлмий хэмээн нэрийдсэн” гэдгийг тайлбарлан тодотгов.