image
clock
2026-02-13
”МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ 30 БОТЬ” БҮТЭЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар бүтээж буй Монгол Улсын түүх (I-XXX боть) зохиох ажлыг Шинжлэх ухааны академид төвлөрүүлэн редакцын зөвлөл байгуулан, бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон билээ.

Монгол Улсын бүрэн түүхийг 1 боть (1954), 3 боть (1966-1968), 5 (2002) ботиор хэвлүүлж байсан ч энэ удаа үндэсний хэмжээний түүхч, эрдэмтдийг өргөн хүрээтэй хамруулан ард иргэдэд эх түүхийн талаар нэгдмэл ойлголт өгөх зорилгоор Монгол Улсын бүрэн түүхийг бичих ажил ийнхүү эхэллээ.

”Монгол Улсын түүх” (30 боть) бүтээлийн редактор, зохиогчоор сонгогдсон эрдэмтэн судлаачдад батламж гардуулах ёслол ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Хурлын танхимд (2026.02.23) болж, бүтээлийг туурвих түүхч эрдэмтэд оролцлоо.

”Батламж гардуулах үеэр тус номын ерөнхий редактор, Академич С.Чулуун “Монгол Улсын түүх 30 боть нь Монгол Улсын бүхий л цаг үеийн түүхэнд хамгийн олон ботиор бичигдэж буй төрийн албаны түүх юм. Монголын түүхийн туршид Монголчууд өөрсдөө өөрсдийнхөө төрөөс захиалан бичсэн хамгийн олон боть гарна. Өнөөдөр бидний бүтээхээр зүтгэж буй Монгол Улсын түүх 30 ботид орох бичсэн үг, өгүүлбэр бүр ирээдүйд Монголын түүхийн чиг баримжаа үнэний мадаг болон үлдэх түүхэн хариуцлага” хэмээв.

”Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулан ШУА-ийн Ерөнхийлөгч, Академич С.Дэмбэрэлд гардуулан өглөө.

”Монголын түүхийн олон үе, чиглэлээр нарийн мэргэшсэн, мэргэжлийн шалгуур шаардлагыг хангасан, өндөр ур чадвартай мэргэжлийн судалгааны хүрээлэн, төв, музей, их дээд сургуулийн нийт 150 гаруй түүхч эрдэмтдээс академич 9, шинжлэх ухааны доктор (Sc.D) 19, доктор (Ph.D) 107, магистр 14 оролцож байна.

Монгол Улсын түүх 30 боть нь Монголын нэн эртний түүхээс өнөөг хүртэлх цаг хугацааг хамаарах бөгөөд Монголын эртний түүхээс Их Эзэнт улс хүртэл 10 боть, Эзэнт улс болон түүний дараах 17 зууны хаадын үе хүртэлх 10 боть, Чин улсын эрхшээлээс өнөөг хүртэл 10 боть бичигдэх, Монгол Улсын сүүлийн 30 гаруй жилийн түүх судлалын судалгааны үр дүнг бүрэн хамруулсан, олон эргэлзээтэй асуудалд хариу өгсөн үндэсний хэмжээний цогц бүтээл болох юм.