
Олон улсын музейн зөвлөлийн (ICOM) Монгол дахь Үндэсний хорооны бүх гишүүдийн хурал Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд болж, өнгөрсөн оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа хэлэлцүүлж, хорооныхоо тэргүүнийг (2026.01.30) сонголоо.
Монгол дахь Үндэсний хороо нь гурван жил тутам сонгуулиа хийдэг бөгөөд, хорооны тэргүүнээр Театрын музейн захирал асан Д.Цэдмаа /2003-2019/, доктор Д.Бумаа /2019-2025/ ажиллаж байсан бол, тус хорооны тэргүүнээр Чингис хаан Үндэсний музейн ерөнхий менежер, доктор Д.Эрдмаа гишүүдийн олонхын саналаар сонгогдож, хороог тэргүүлэхээр болсон бол Удирдах зөвлөлийн 6 гишүүнийг гишүүдийнхээ олонхийн саналаар сонголоо.
- П.Байгальмаа (Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал)
- М.Мөнгөнцэцэг (Монголын Үндэсний музейн Мэргэжил арга зүйн төвийн арга зүйч
- С.Буянжаргал (Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгч)
- Ш.Энхтуяа (соёлын өв судлаач),
- М.Цэрмаа (Говьсүмбэр аймгийн соёл, аялал жуулчлал, залуучуудын газрын мэргэжилтэн)
- А.Ганганчимэг (Монголын Цэргийн музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга)
Монгол дахь Үндэсний хороо нь (ICOM) 120 үндэсний хорооны нэг бөгөөд 2003 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй.Олон улсын музейн өдрийн үйл ажиллагаанд Монголын музейдийн ажилтнууд нэгдсэнээр НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд хувь нэмэр оруулж, соёлын өв, музейн ажилтнуудад олон улсын сүлжээ, нээж өгдөг байна.
Дашрамд мэдээлэхэд, Олон улсын музейн зөвлөл (International Council of Museums-ICOM) 1946 онд байгуулагдсан, өнгөрсөн оны байдлаар 139 орон газар нутгийн 60,410 музей ба музейн мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн, музейн хамгийн том төрийн бус байгууллага юм.
Олон улсын музейн зөвлөл музей, музейн мэргэжилтнүүдийг нэгтгэж, музейн мэргэжлийн болон ёс зүйн стандарт, соёлын өвийн зөвлөмж зэрэг баримт бичиг боловсруулах, музейн чадамж, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, соёлын өвийг хамгаалах, орон орны музей болон музейн ажилтнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.