image
clock
2025-07-07
ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН ТӨРИЙН АЙЛЧЛАЛАА ДЭЛХИЙН МЯНГАНЫ СУУТ ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙГЭЭС ЭХЭЛЛЭЭ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улсад хийж буй төрийн айлчлалаа Монголын түүх, соёлыг хүндэтгэн дэлхийн мянганы суут хүмүүн Эзэн Богд Чингис хааны музейгээр эхэлж, Чингис хааны Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүлэн ёсоллоо.

Хүндэт зочныг Чингис хаан Үндэсний музейд зочлохоор ирэхэд ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, тус музейн захирал, академич С.Чулуун нар угтан авсан юм. Тэрээр Чингис хаан Үндэсний музейн Эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхимуудаар зочилж, Чингис хааны Алтан хөшөөг үзэж сонирхон музейн хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж хоёр улсын хооронд түүх болон үлдээлээ.

Музейн танхимуудаар зочлох үеэр Чингис хаан хүчирхэг эзэнт гүрнийг богино хугацаанд байгуулж чадсны бодит түүхийн тухай, нүүдэлчдийн адууны тухай, Монголын Их арми усны асуудлаа хэрхэн шийддэг тухай, Хубилай хааны Япон дахь аян дайны талаар болоод хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнгүүдийг сонирхон асууж Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун тэдгээр тодорхой хариулт өгөхөд шинэ мэдээлэл авсандаа талархалтай байгаагаа өгүүлж байв.

Тэрбээр Цог Жавхлант Эзэн хааны сонирхсон асуултад хариулахдаа Чингис хааны хүчирхэг байсан шалтгаан нь эв нэгдэл тухайн үеийн зэвсгийн өндөр технологийг ашиглаж байсан төдийгүй байлдан дагуулалаас илүү Евразийн түүх, соёл, аж ахуй худалдааны их солилцоог эхлүүлж, дэг журам буй болгож, хууль цаазыг эрхэмлүүлсэнд байсан тухай өгүүлэв.

1989 онд Япончууд Чингис хааны онгоныг хайх “Гурван гол” хэмээх экспедицийг ажиллуулж эхэлсэн тэр цагаас хойш Монгол-Японы эрдэмтэд хамтран ажиллаж эхэлсэн. Эрдэмтдийн хамтын ажиллагаа зөвхөн эрж хайж судлах биш, судлан шинжлэх, малтан судлах, ном бүтээл туурвиах, боловсон хүчнийг бэлтгэх, соёлын өвийг хадгалж хамгаалахад зориулагдсан. Тухайлбал, Хархорум туурийн дэргэд Хархорум музейг Японы ЖАЙКА ОУБ-аас барьж өгсөн.

Чингис хаан Үндэсний музейг байгуулагдах үед дэлхийн улс орнуудаас ховор нандин дурсгалуудын хуулбаруудыг авахад хамгийн түрүүнд Японы эрдэмтэд тусалж, Чингис хааны Алтан гэрэгэ, Хубилай хааны аян дайны байлдааны тэр үеийн зураг, Хубилай хааны Японы эзэн хаанд бичсэн захидлын хуулбар, Хубилай хааны аян дайны үеийн Япон зураачийн зураг зэрэг хосгүй үнэт дурсгалуудыг хуулбарлаж өгсөн.

Монголын өв,соёлыг хадгалж хамгаалах судлахад Японы эрдэмтдийн оролцсон судалгааны үр дүн зэрэгтэй Цог Жавхлант Эзэн Хаан айлчлан ирж танилцсанд талархал илэрхийлэн танилцуулга хийсэн болно.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито музейг зөвхөн хүнд үзүүлэх биш соёлын өвийг хамгаалахад онцгой үүрэгтэйг захиад, хамтарсан судалгаанд Японы эрдэмтэд идэвхтэй оролцсныг онцгойлон онцлов.