Монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг хөхиүлэн дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнгийн нээлт Чингис хаан Үндэсний музейд (2025.07.04) боллоо.
Энэхүү үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар ССАЖЗЯ, “Түмэн эрдэнэс” Нэгдсэн холбоо, Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Урчуудын эвлэл хамтран зохион байгуулж буй юм.
"Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор 60 уран бүтээлч 138 бүтээлээр үзэсгэлэнгээ дэлгэж, ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн төрлөөр бүтээлүүдийг хүлээн авч, шилдэг 20 бүтээлийг шалгаруулж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам нар гардуулан өглөө.
Монгол дархны урлаг, үндэсний өв соёлын уламжлал шинэчлэлийг хослуулж, дархан хүний ур ухаан шингэсэн давтагдашгүй хийцийг цогцлоон урласан уран дархчууд:
Үзэсгэлэнгийн шилдгийн шилдэг 4 бүтээл:
- Шашны урлагийн “Цагаан Дарь Эх” бүтээлээр Занабазарын хийц ТББ
- Ардын урлагийн “Мөнгөн цар аяга” бүтээлээр уран дархан Б.Баярсайхан
- Ардын урлагийн “Ган хэт хутга” бүтээлээр Н.Бат-Эрдэнэ
- Ардын урлагийн “Хүннү эмээл” бүтээлээр Мөнгөн талст урлан тус тус шалгарав.
Энэ удаагийн үзэсгэлэн “Монгол дархан: өв, урлахуй" нэрийн дор өргөн хүрээтэй зохион байгуулж Буриад, ӨМӨЗО-ны уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцож буйгаараа онцлогтой.
Дархчууд шилмэл сор бүтээлүүдээ дэлгэн танилцуулахын зэрэгцээ эртний эдлэл цуглуулагчдаас тодорхой хэмжээний уран дархантай холбоотой эд өлгийн зүйлсийг үзүүлж, музейн сан хөмрөгт байх Өндөр гэгээнтэн Занабазартай холбоотой урласан бүтээлийг хоршин үзүүлэх юм.
Монгол дархны урлагийг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2016 онд гарч, улмаар дархчуудын үзэсгэлэнг гурван жил тутам уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн бөгөөд, тус үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 2025 оны 07 дугаар сарын 04-нөөс 20-ны өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.