Унгар Монгол хоёр улсын хооронд одоогоос 75 жилийн өмнө 1950 оны 04 дүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоож, улмаар 1957 онд Улаанбаатар, Будапешт хотуудад дипломат төлөөлөгчийн газрууд үүд хаалгаа нээж байсан түүхтэй.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хоёр ард түмний түүхэн харилцааны голлох үйл явдлуудыг харуулсан “Унгар Монгол Улсын дипломат харилцаа 75 жил” Фото зургийн үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд өнөөдөр (2025.04.30) дэлгэгдлээ.
Унгарын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам, Архивын Ерөнхий газраас хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн “Мөнгөн мод” танхимд дэлгэгдэж буй учир нь Мөнгөн модыг урласан Франц гаралтай уран дархан Виллелмуш нь Монголчуудын довтолгооны үеэр 1241-1242 оны хооронд Унгарын Фехервар хотод олзлогдон Хархоринд хүргэгдэн иржээ. Тэрээр Унгар, Францад эзэмшсэн ур чадвараа Монгол Улсад гарган Мөнгөн модыг бүтээж байсан түүхтэй аж.
Өнгөрсөн жил Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуунд Унгар улсын Угсаатны зүйн нийгэмлэгийн хүндэт гишүүний үнэмлэх, баримт бичгийг тус музейн дэд захирал Вереш Габор гардуулан өгч байв.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Др.Обрущанский Борбала Анна, УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын Парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл болон бусад зочид, төлөөлөгчид оролцлоо.
Үзэсгэлэн 7 хоног үргэлжилнэ.