image
clock
2025-05-01
ОРОСЫН ШУА–ИЙН ДОРНО ДАХИН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАМТАРСАН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

Оросын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн захирал, түүхийн шинжлэх ухааны доктор А.К.Аликберов Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулууныг хүлээн авч уулзаж, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах болон бусад хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

ОХУ-ын Барнаул хотод Алтайн соёл иргэншилд зориулсан судалгаа шинжилгээний үр дүнг хэлэлцэх эрдэм шинжилгээний томоохон хурлыг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн, тус хуралд академич С.Чулууныг хүндэт зочноор оролцохыг урилаа. Тэрээр хэлэхдээ, миний бие монголчууд болон монгол судлаачдын өмнө биелүүлэх чухал ажил бий.Манай хүрээлэнд урьд өмнө байсан монгол судлалын хүчирхэг дэг сургуулийг дахин сэргээх явдал. Юуны түрүүнд хэл зохиол судлалын хүрээнд судалгаа шинжилгээг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа учраас саяхан "Монголын нууц товчоо"-г орос хэл дээр хэвлэсэн гэв.

Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун тус саналыг сайшаан хүлээн авч, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, дугуй ширээний уулзалтууд зохион байгуулах боломжтой. Тухайлбал Оросын ШУА-ийн Гар бичмэлийн хүрээлэнтэй хамтарч “Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” эрдэм шинжилгээний хурлыг сүүлийн 13 жил алгасалгүй амжилттай зохион байгууллаа.Үүнтэй адил хурлыг тогтмол зохион байгуулах боломжтой тухай дурдаад, судалгааны материалын дээжис болох “Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд хэвлэгдсэн 12 цуврал боть номыг А.К.Аликберовт дурсгал болгон гардуулан өгөв.