ОХУ-д томилолтоор ажиллаж буй Монголын музейн байгууллагуудын удирдлагууд Олон улсын музейн холбооны Оросын хорооны (ICOM Россий) тэргүүлэгч гишүүн, В. К. Арсеньевын нэрэмжит Алс Дорнодын түүхийн музейн захирал В.А.Шалайтай уулзалт хийлээ.
Уулзалтаар талууд хоёр улсын музейн залуу ажилтнуудын форум, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах талаар санал солилцов.
ОХУ-ын Засгийн газраас сүүлийн үед Евроазийн бүс нутагт чиглэсэн улс төр, эдийн засгийн бодлого идэвхтэй явуулахын зэрэгцээ музейн салбарт ч мөн адил евроазийн музейтэй хамтран ажиллах чиглэлийг тэргүүлэх бодлого болгож буй талаар захирал В.А.Шалай дурдав.
Монгол Улс нь Оросын Төв Азийн бүс нутагтай харилцах томоохон гарц, холбогч гүүр болдог учраас хоёр улсын музейн форумыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлттэй буйгаа энэ үеэр илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хүсэлтийг хүлээн авч, ирэх оны зургаадугаар сард Монгол Улсад Монгол-Оросын музейн форумыг зохион байгуулахаа мэдэгдэв.